Япон Монгол Спорт

Тэмдэглэлийн талаар:

юм юм



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

2000 онд бичиж байж билээ.

Наран ургах зvгийн Япон орон. Сvvлийн vед манай оронтой эдийн засаг, соёл урлаг гээд л бvх салбарт харилцаа холбоо зузаарч буй энэ орны талаар бид юу мэдэх билээ? Япончууд л гэхээр бvгд сумо vзээд, сакэгаа уугаад, сакура цэцэглэхийг хараад, караокэ дуулаад явж байдаг гэж vv? Эсвэл бага байхад маань эрдэмтэн багш нарын заасан шиг vйлдвэрийн утаанд бохирдсон хотын гудмаар хорт утааны баг зvvсэн улсууд бахардан харайгаад, том vйлдвэр заводуудад нь робот ажиллаад хvн зөвхөн товчлуур дараад л сууж байдаг тийм газар уу?

Ямар ч л гэсэн манайхан энэ орныг сvvлийн vед ихэд сонирхож, Японд ажиллаж, сурж, амьдрахыг хvсэгчдийн тоо эрс нэмэгдсэн нь маргашгvй vнэн билээ.

Япон- vндсэн хуульт, хаант засагт улс. Хууль тогтоох байгууллага нь парламент( 2 танхимтай). Өөрсдийгөө Нихон, Ниппон хэмээн нэрлэх энэ орон Зvvн Азид орших ба 3800 км сунаж тогтсон арлуудаас бvрдэнэ. Кюшю, Шикокv, Хоншю, Хоккайдо гэсэн 4 том болон 4000 орчим жижиг аралтай. Арлуудыг том гvvр болон газар доорхи хонгилон замаар холбожээ. Хоккайдо болон Хоншю арлыг холбосон хонгил зам дэлхийд хамгийн уртад тооцогддог.

378.060 кв. км газар нутагтай. Газар нутгийн 71 хувийг уул нуруу эзлэнэ. Уул нь манайх шиг биш. Бvх уул нь өтгөн ой модтой, галт уулын дэлбэрэлтийн шарх сорви, элдэв нугачаа олонтой, огцом өндөр. 200 орчим галт уултайгаас 67 нь ажиллагаатай. Одоо хvртэл нэг арал дээр галт уул сэрээд, оршин суугчид нь дvрвээд байж байна. Японы бэлэг тэмдэг болсон Фvжи (3776 м ) уул ч галт уул бөгөөд хэзээ ч дэлбэрж магадгvй гэнэ билээ. Галт уул сэрэхтэй уялдан газар хөдлөлт эрс нэмэгдэх бvлгээ. Японы арлууд газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бvсэд орших ба жилд хэдэн мянган газар хөдлөлт болдог. Эрт vеээс Япон орон могой загасны нуруун дээр оршдог. Тэр загас биеэ шилгээхээр газар хөдлөлт болдог гэсэн домог яригдсаар иржээ. 1923 оны Токиогийн газар хөдлөлтөөр Токио бvрэн сvйрж, 143000 хvн vрэгдэн Японы төв Осакад шилжиж, Токио дахин хэзээ ч сэргэхгvй гэж хvртэл ярьж байсан гэдэг. 1995 оны Кобэгийн гамшигийг ч манайхан сайн санаж буй байх. Орой vдэш зурагт vзээд сууж байхад, дэлгэцэн дээр тэдэн цаг, тэдэн минутад тэнд газар хөдлөлөө гэх vсгэн мэдээ байнга гарах ба хэдэн баллын хvчтэй хөдлөсөн, ямар хохирол гарсаныг ч тодорхой мэдээлнэ.

Японы 4 улирал эрс тэс ялгаатай. Чийглэг уур амьсгалтай тул монгол хvнд төдийлөн тохиромжтой биш. Ялангуяа зун маш халуун. Энэ зун Токиод 38 градус хvрэн, гадагш гарахад хэцvvхэн байлаа. Япон байшингийн хана маш нимгэхэн. Гэхдээ хичнээн нимгэхэн байгаад зун нь халуун, өвөл нь хvйтэн байхаар ийм материалаар байшин барьсны хэрэг vгvй мэт. Японууд байрандаа цахилгаан дулаан тохируулагч тавин, автоматаар хvссэн хэмжээнийхээ дулаанд байлгана. Энэ нь нэг бодлын амар ч гадаа болон гэр доторх градусын хэмжээ хэт зөрvvтэй болж, хvний биенд хортой нөлөөтэй хэмээн эрдэмтэн мэргэд ярьж байна. Байрны хана нимгэн тул та хөршийгөө хэнтэй юу ярьж байгаа, телевизээр ямар нэвтрvvлэг vзэж байгааг өрөөн дотроосоо мэдэж болно. Харин энэ нь нэг их таатай зvйл мөн vv, биш vv гэдгийг найз охин чинь танайд зочилж ирэх vед ойлгох болно. Авсаархан ч гэсэн энэ байшингууд газар хөдлөлтөд тун тэсвэртэй нь олзуурхмаар. Гол учир нь vvнд ч байж болох юм.

Өвөлдөө дунджаар нэмэх 4 градус. Малгай, бээлий, ороолт гэх мэт юм авалгvй өвөлжинө гэдэг оюутан хvнд том хэрэг. Гэхдээ чийглэг уур амьсгалтай болохоор энэ нэмэх 4 градус нь Монголын хасах арван градусын хvйтэнтэй тэнцэнэ гэж би л хувьдаа дvгнэсэн. Харин нутгийн улсууд гэдэг өөр аж. Япон хvvхдvvд шорттой, охидууд мини банзалтайгаа өвлийг туулна. Манайх шиг халуун паар хойд зvгийн Хоккайдод л байдаг. Бусад газар дээр дурдсан цахилгаан дулаан тохируулагч, эсвэл халдаг хөнжил гудас, халдаг хивс хэрэглэнэ. Оюутнууд ихэвчлэн хий болон цахилгаанаар ажилладаг жижигхэн халаагч ашиглан өвлийг өнгөрvvлнэ. Хоккайдо, Нагано, Акита зэрэг мужид цас их орох ч Токио, Осакад цас орохгvй. Ер нь Хоккайдо аралын цаг агаар Монголтой төстэй тул монгол хvн амьдрахад хамгийн тохиромжтой газар.

Хавар намар Японы хамгийн сайхан улирал. Японы байгалийн vзэсгэлэн гоог энэ vед мэдрэж ойлгох болно. Сакура цэцэглэн, сэрvvхэн, Японд жуулчилж юмуу, айлчилж ирэх хvн чухам энэ vед л ирэхийг зөвлөе.

Японы нийт газар нутгийн 67% ой мод, 14 % тариа будаан талбай, 1.6 % бэлчээр. Бэлчээрийн ихэнх хувь Хоккайдод бий. Уралдааны морь, сvv махны чиглэлийн vхэрийн бэлчээр олон. Засаг захиргааны хувьд Япон орон 43 муж болон 4 онцгой ( Токио, Осака, Киото, Хоккайдо ) мужид хуваагддаг. Нийслэл Токио хот. Сvvлийн vед гадаадыхан болон хөдөөний залуус ихэссэнээр хvн амын тоо нь эрс нэмэгдээд байгаа. Дэлхийн амьдралын өртөг хамгийн өндөр хот. 23 дvvрэгтэй. Токиод байр, хvнс, барааны өртөг өндөрөөс гадаадыхан ажил, сургууль нь Токиод байсан ч ойролцоох мужид байр хөлсөлж амьдардаг. Токио гэхээр зурагт радио, киногоор гардаг шиг баахан өндөр байшингууд биш. Ажил хэрэг, бизнесийн төв хэдэн дvvрэгт тэнгэр багандсан өндөр цамхгvvд байх ба ихэнх дvvрэг нь 2-4 давхар хувийн орон сууцнаас бvрдэнэ.

Японы хvн ам 125.8 сая. Хvн амын ихэнх нь япончууд. Хоккайдод айнv хэмээх vндэстэн бий. Нэгэн цагт Японы арлууд, Камчатк, Сахалин, Курилийн арал, Амурыг эзэгнэн сууж байсан энэ vндэстэн 18 зуун гэхэд Хоккайдод л vлджээ. Одоо энд 24000 айнv хvн амьдарч байна. Орост болсон сvvлийн хvн амын тооллогоор ганцхан эмэгтэй айнv бvртгэгдсэн байна. Бичиг vсэг vгvй, залуус нь төрөлх хэлээ мартан японжсон энэ ард тvмэний тоо улам цөөрсөөр байна.

Байгалийн баялаг хомс, арлын Япон орон дэлхийд тэргvvлэх хэмжээний хvчтэй, чадалтай гvрэн болж чадсан нь гайхамшиг. Ялангуяа дэлхийн 2 дугаар дайнд атомын бөмбөгний аюул vзэж, ялагдсанаар эдийн засаг нь хямарч, өмсөж зvvх битгий хэл, идэж уух зvйл ч байхгvй байсан гэж ахмад vеийхэн ярих нь олонтоо. Хот тосгоны ойролцоох мод бургас, зvлэг ногоог идсээр юу ч vлдээгvй гэдэг. Энэ хvнд vед засгийн газраас уриалга гаргаж, япончууд бvх нийтээр ажиллаж эхэлжээ. Ажиллаад л байж, зvтгээд л байж. vр дvн нь гарсаар, бага багаар амьдрал сайжирсаар, далаад оны эхээр японы жирийн иргэд ч том юм худалдан авах, гадаад дотоодоор зугаалах чадал, боломжтой болж эхэлсэн гэж хvмvvс ярьдаг юм билээ. vнсэн дотроос улс орноо өндийлгөхөд засгийн газар, удирдлагуудын зөв бодлого их нөлөө vзvvлжээ. Шинэ технологи боловсруулах тал дээр голлон анхаарсан нь vр дvнгээ өгөж, жараад онд дэлхий даяар Японы гайхамшиг гэж яригдах болтлоо vсрэнгvй хөгжиж чадсан. Авто машины vйлдвэрлэлээр дэлхийд толгой цохиж, ялангуяа Солонгосын дайны vед Америкчууд Японд машин техникээ засан сэлбэж, машин худалдан авж байсан нь маш их орлого оруулаж, машины vйлдвэрлэл огцом өссөн байна. Дараа нь Арабын дайны vеээр бензин шатахууны vнэ өсөхөд дэлхий даяар бензин бага иддэг, жижиг оврын япон тэрэгний хэрэгцээ нэмэгдсэн байна. Ийнхvv авто машины vйлдвэрлэл жараад оны Японы гайхамшигийг бvтээхэд нилээд том vvрэг гvйцэтгэсэн ч хамгийн гол нь Японы ард тvмний нөр их хөдөлмөр гэдэг нь ойлгомжтой. Ийнхvv 50-хан жилийн өмнө vнс, балгас байсан Япон орон одоо алт валютийн нөөцөөрөө (270 тэрбум ) сvvлийн хэдэн жил дэлхийд толгой цохиж байна. Сvvлийн vед Япончууд Малайз, Сингапур зэрэг гадаад оронд vйлдвэрлэл явуулах болсон. Японд газар, цахилгаан vнэтэй, ажилчдад ч өндөр цалин өгөх шаардлагатай тул хямд ажиллах хvчтэй газарт хийж, барааныхаа өртөгийг багасгаж байгаа нь энэ. Тухайн орнуудад ч ажлын байр гарах харилцан ашигтай болов уу. Одоо Японы зах зээл дээр зарагдаж байгаа видео тоглуулагчийн 45%, телевизийн 66%, тооны машины 91% нь гадаад оронд хийсэн бараа юм.

Японы компани Монголын компаниас бvтцийн хувьд тэс ондоо. Японд нэг компанид орсон л бол гарахад туйлын бэрх. Жараад оны vсрэнгvй хөгжлийн vеээс ажилласан жилээр нь цалин өгдөг болсон нь компанид ороод хэдэн жил болсон бол гарах аргагvй болгосон. Мөн компаниас ажилтнуудаа элдэв нийгмийн даатгалуудад хамруулдаг тул ажлаасаа гарах юмуу, халагдвал амьдралын баталгаа байхгvй болно гэсэн vг. Дахин ажил олоход ч хэцvv бөгөөд бусад компанид урьдах компаниасаа гарсан найдваргvй этгээдэд тооцогдоно. Мөн Японд байр, газар vнэтэй тул ихэнх хvн урт хугацааны зээл тавьж, байр орон сууцтай болдог. Энэ зээлээ 20-40 жил vргэлжлvvлэн төлдөг. Хэрэв компаний ажилтан биш бол танд урт хугацааны зээл авах байтугай нийгэмийн аль ч салбарт баталгаагvй, чадваргvй харилцагчид тооцогдоно. Харин сvvлийн хэдэн жилд компаниа солих, гарах зэрэг явдал гарж эхэлсэн.

Японд эмэгтэй хvн гэрлэснийхээ дараа ажил хийхээ больж, гэрийн эзэгтэйн ажилд шилждэг. Өрх гэрээ авч явах vvрэг япон эрчvvдийн толгойд бууна. Япон хvн хэт ажилладаг хэмээн дэлхий дахинд яригддаг. Дэлхийн 2 дугаар дайны дараагаас ард тvмэн ажиллаж эхлэн, орчин vеийн хvчирхэг гvрэн байгуулсан ч далаад оноос бvх нийтээр сульдаанд орсон тул засгийн газраас ажлын 5 өдөрт шилжих хууль гаргажээ. Тэгсэн хэдий ч 6 өдөр ажилладаг компани олон байсаар байна. vvрийн гэгээнээс vдшийн бvрий болтол ажилласан япон эрчvvд орой ажил тараад шар айраг, сакэ уун алжаалаа тайлдаг заншилтай.

Газрын vнэ 90-өөд оны эдийн засгийн хямралын vеээс хямдарч эхэлж байгаа. Байршлаас хамааран vнэ маш их зөрvvтэй. Хамгийн vнэтэй нь Токиогиин Гинза дvvрэг. Энд 1 кв.метр газар 30 сая иэн гэнэ.

Японы хөдөлмөрийн чадвартай хvн ам 65.19 сая. vvнээс 3.5 сая нь ажилгvйчvvд. Ажилгvйдэл 1997 онд 3.5%, 1999 онд 4.9 хувь болж өссөн байна.

Япончууд тун багаасаа буюу цэцэрлэгт орохоосоо эхлэн элдэв шалгалт өгөж эхэлдэг гэвэл та гайхах бизээ. Гэвч багаасаа сайн сургууль, цэцэрлэгт орж, сайн боловсрол эзэмшихгvй бол их дээд сургууль төгсөөд сайн ажил олоход бэрхтэй тул эцэг эхчvvд хvvхдээ 4-5 настайгаас нь бэлтгэж эхэлнэ. Ялангуяа эхчvvд энэ тал дээр мэрийх бvлгээ. Тэд ажил төрөл vгvй тул гол анхаарлаа vр хvvхдэдээ хандуулах аж. Японд цэцэрлэгээс авахуулаад дунд сургууль, дээд сургууль гээд бvх юм зэрэг дэвийн ялгаатай. vнэтэй хувийн сургууль бараадах уу, хэр тааруу улсын юманд оруулах уу гэдэг хөрөнгө чинээг ихээхэн ялгаруулна. Хичнээн мөнгөтэй байлаа гээд сайн цэцэрлэг сургуульд ороход тест шалгалт бас өгөх хэрэг гарна. Ингээд л багаасаа шалгалт өгж сурна даа. Японд 6 настай сургуульд орох ба бага сургуульд 6 жил, дунд сургуульд 3 жил сурна. Энэ бол заавал эзэмших боловсрол. Хэрэв хvсвэл ахлах ангид дэвшин суралцах бөгөөд нийт сурагчдын 94% нь ахлах ангид ордог. Ахлах ангид 3 жил ном vзээд дээд сургуулийн хаалга татна. Токиогийн их сургууль мэтийн улсын том сургуулиуд ихээхэн нэр хvндтэй. Төгссөн хойноо сайн ажил олоход ч дөмөгтэй тул залуус элсэлтийн шалгалтанд нь ихээр ордог. Улсын сургуулийн төлбөр мөнгө ч хямд байна. Хувийн сургуулиудаас хамгийн нэр хvндтэй нь Васэда их сургууль ба жилийн төлбөр нь 14000-20000 доллар. Хvvхэд цэцэрлэгээс авахуулаад дээд сургууль төгстөлөө эцэг эхийхээ орлогын 30%-г зарцуулдаг гэсэн тоо бий. Энэ их мөнгө зарж байгаа хойно залуус ёстой л эрдэм номын төлөө мэрийн зvтгэдэг байх гэж бодож байвал эндvvрж байгааг чинь эртхэн хэлье. Дээд сургууль төгсөөд ажилд ороод, тэтгэвэртээ гартлаа өглөөнөөс орой болтол зvтгэх нь ойлгомжтой учир япон залуус оюутны 4 жилээ наргиж, цэнгэж өнгөрөөнө гэсэн философи ойлголттой. Дээд сургууль төгсөхөөс хагас жилийн өмнөөс пvvс компаниудаас ажилтан авах захиалгууд ирдэг. Ингээд л ажиллах компаниа сонгосноор амьдралын зам чинь шуударлаа гэсэн vг. Энэ жил дээд сургууль төгсөгчидөөс 18% нь төгсөхөөсөө өмнө ажлаа олж чадаагvй байсан гэсэн тоо сонин дээр гарсан байна лээ.

Япон дахь гадаадыханыг тоогоороо хятадууд тэргvvлж, солонгосууд удаална. Тэгээд л филиппин, малайз гэх мэт өмнөд азийхан дараална. Гадныхан нутаг нутгаараа бөөндөө амьдрах нь олонтаа. Ёкохама хотод чайна таун байх ба тэнд гудмаар нь япон vг сонсохгvй нилээд удаан алхаж болно. Токиогоос ойролцоо бразил тосгон бий. Тэнд дэлгvvрийн барааны vнэ, нэр, хаяг гэх мэт бvх юм португал хэл дээр бичигдсэн байдаг. Саяхан Токиогийн Шинжюкv дvvрэгт солонгос гудам бий болж, олон хvнийг алмайруулаад байна.
Япон дэлхийн хамгийн амгалан тайван газрын нэг. Японд манайх шиг зодоон нvдээн зэрэг танхайн хэрэг бараг байхгvй гэхэд болно. Даатгалын мөнгөний төлөө vр хvvхэд, эр нөхрөө хөнөөх, хоол ундаанд хор хийж олон нийтээр хордуулах зэрэг ноцтой хэрэг нилээд гардаг. Өнгөрсөн жилээс 17 настнууд солиоролд автаж, хvн амины хэрэг, автобус барьцаанд авах гэх мэт олон хэрэг хийсэн ч одоо овоо тайвшраад байх шиг байна. Гэмт хэрэгийн ихэнхийг гадаадыхан vйлдэнэ. Орон байр, дэлгvvр хоршоо ухах, дэлбэлэх ажлыг хятадууд эрхлэн, солонгосууд хармааны хулгайгаар, иранууд хуурамч билет, утасны картаар, филиппинvvд биеэ vнэлэх талаар мэргэжсэн байдаг. Хятадууд мөн нутаг нэгтнvvдээ болон тайвань нөхдөө дээрэмдэх дуртай. Оросын хэвлэл мэдээллээр кавказ царайтай этгээд хэрэг хийлээ хэмээн ярьдаг шиг энд зурагтаар хятад бололтой хэдэн хvн тийм хэрэг хийгээд зугтлаа хэмээн ярина. Визтэй визгvй янз бvрээр Японд ирсэн гадаадууд ажил төрөлгvй болон амьдрахын эрхээр гэмт хэргийн замд орох нь бас бий. Гэсэн ч гарч буй гэмт хэргийн тооны хувьд дахиад хэлэхэд Япон дэлхийн хамгийн амгалан тайван газрын нэг.

Япон орны тухай ярихдаа спортын ертөнцийг нь дурдалгvй өнгөрвөл алдас болно. Харин та япончуудыг бvгдээрээ сумо сонирхдог гэж бодож байвал, алд дэлэм алдаж буй хэрэг. Сумо бөх нэр хvнд нь буураад нилээд хэдэн 10 жил өнгөрч байгаа билээ. Өнөөгийн Япон оронд 8 настай балчраас, 80 настай буурлууд хvртэл сонирхдог vздэг спорт бол бейсбол юм. 19-р зууны сvvлээр Америкчууд бейсболыг Японд авчирсан юм. Дэлхийн 2 дугаар дайны дараа Америкийн соёл, нөлөө хvчтэй нэвтэрсэнээр бейсбол бvх нийтийн спорт болсон. Бага дунд сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт бейсбол ордог болохоор ямар ч хvн дvрмийг нь сайн ойлгож, өөрсдөө ч тоглох бvлгээ. Мэргэжлийн лиг төдийгvй дунд сургуулиудын улсын аварга шалгаруулах тэмцээн ч зурагтаар шууд дамжуулагдаж байхад сагсан бөмбөг, волейболын лигийн тоглолт цэнхэр дэлгэцээр барагтаа гарахгvй. Японы шилдэг бейсболчид Америкийн мэргэжлийн лигэд багагvй амжилттай тоглож байна. Бейсболчид жилд хэдэн сая долларын цалин авах агаад сvvлийн vед сумо бөхчvvд тэдэнтэй барьцан цалингаа нэмэгдvvлэх шаардлага тавьж эхлээд байгаа. Бейсбол, сумогоос гадна pro wrestling, хөл бөмбөг, жvдо, каратэ олны сонирхолыг татдаг.

Манай оронтой сvvлийн vед бvх салбарт нягт харилцаатай болоод байгаа Япон оронд монголчууд олноор ирэх болоод байгаа. Сумо бөхчvvд, боксын Батнасан, кик боксын Бямбадорж гээд тамирчид маань багагvй амжилтад хvрсэн. Энд мөн ардын дуу бvжгийн чуулгын бvжигчид, дуучид, морин хуурчид гэрээгээр ажиллаж байна. 300 гаруй оюутан сурж байгаагаас тал хувь нь хувиар сурагчид гэнэ. Гадаад оюутнуудын нэгдсэн шалгалтад тэнцвээс хувийн зардлаар ямар ч сургуулид сурах эрхтэй болдог. Төлбөр нь жилд 4000-5000 доллар. Хувийн сургууль бол 8000-10000 доллар байдаг. Гол нь шалгалтандаа 60-аас дээш оноо авсан байх хэрэгтэй гэнэ. Монголд дээд сургууль төгссөн хvмvvс ихэвчлэн мэргэжил дээшлvvлэгч гэсэн шугамаар ирж, хувиараа суралцдаг. Мэргэжил дээшлvvлэгчид сургуулид орохдоо 900 доллар төлж, орсон өдрөөсөө хичээлийн төлбөр сард 300 орчим доллар төлдөг. Монголд дээд сургууль төгсөөгvй болон япон хэл сайн мэдэхгvй улсууд эхлээд Япон хэлний коллежид 4 жил сурах нь бий. Энэ коллежийн төлбөр нь улсын дээд сургуулиас vнэтэй байдаг. Коллежээ төгсөөд дээд сургуульд конкурс өгөх эрхтэй болно. Хэд хэдэн сургуулид шалгалт өгөөд тэнцсэн сургуулиудаасаа шилж байгаад нэгэнд нь орох нь жирийн явдал болтой. Улсын их сургууль шалгалтын төлбөр 200 доллар, тэнцвэл сургуульд орсоны төлбөр гэж 2700 доллар тушаагаад жилдээ хичээлийн төлбөр хэмээн 4000-5000 доллар төлөх аж. Аспирант мөн адил. Харин аспирант болвоос янз бvрийн сан, байгуулагаас тэтгэлэг авах боломжтой.

Японы виз авах амар биш. Сvvлийн 2 жилд улам чанга болсон сурагтай. Богино хугацаагаар ирэхэд (90 хоног дотор) зардлаа даах чадварын баталгаа хэрэг болдог. Мөн япон батлан даагч шаардлагатай тохиолдол ч бий. Визийн хугацаа хэтэрвээс 9000 орчим долларын торгууль төлнө. Төлбөрийн чадваргvй бол албадан ажил хийлгэдэг гэнэ билээ. Японд цагаачлахыг хориглосон байдаг. Хамгийн сvvлд Вьетнамы дайнаар цагаач хvлээн авсан гэсэн. Японд 10-аас доошгvй жил ажилласан байж Японы иргэн болох болон байнга оршин суух зөвшөөрөл авдаг. Гэхдээ та хэрэв алдартай од тамирчин бол мэдээж өөрөөр авч vзэх болно.

Японы ард тvмэн монголчуудад элэгтэй, дотно ханддаг. Японд анх ирэж буй хvнд зөвлөхөд нэрийн хуудсаа байнга авж яваарай! Хvнтэй танилцаад нэрийн хуудасгvй бол эвгvй байдалд орох болно. Мөн дугуй унаж сурах хэрэгтэй. Дугуй Японд таны найдвартай тvнш, юугаар ч солишгvй анд чинь болох вии. Харин сайн унаж сурчихаад хөдөлгөөнд оролцсон тань дээр болов уу. Манай нэг шинэ сумоч ирээд дугуй унаж яваад нэг эмээг мөргөөд 5000 доллар төлсөн шvv.

 

 


Бичсэн: 16:40, 2006-05-08
Сэтгэгдэл бичихt

ОО ТАСАРХАЙ МЭДЭЭЛЭЛ БНА. big hug

Бичсэн: HAJA 19:33, 2008-12-10

Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free real music ringtonesblackberry-ringtoneairwaves angel ringtonefaringtons musicmotorola ringtones v220free real music ringtoneshigh school musical ringtones2003 aol harrington hotmail yahoocarrington jr linkskarrington



:-)
 
xaax